Monday, December 3, 2007

Асуудал, бодлого ба улс төр

Жон Кингдон

Бодлогыг олон талт, нэгдмэл үйл явц болох талаас нь харж судалсан хүн бол АНУ эрдэмтэн Жон Кингдон юм. Тэрээр бодлого төрөхдөө гурван үндсэн үе шатыг дамждаг гэж үзсэн.

  1. Асуудал үүсэх үе.

Асуудал тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан үүсдэг. Тэгвэл асуудал үүсгэж байгаа нөхцөл байдлыг танин мэдэх шаардлагатай болно. Нөхцөл байдал хурцдаж хямрал бий болгох нь асуудлыг үүсгэдэг аж. Тухайлбал, байгалийн гамшиг учрах, олон хүнийг хамарсан онгоцны осол гарахад бүгд анхаарч хошуурдаг. Бүгд засгийн газраа шүүмжилж, менежментийг сайжруулах, хуулиа боловсронгуй болгох талаар шаардаж эхэлдэг.

Асуудлыг үүсгэх нөхцөл байдлыг танин мэдэхэд хэвлэл мэдээлэл маш чухал үүрэгтэй.

Хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээллээр хэлэлцэгдэж байгаа асуудал олон нийтийн санаа бодлын тусгал болдог. Иймээс хууль тогтоох ба гүйцэтгэх байгууллага хэвлэл мэдээлэлд дүн шинжилгээ хийх нь нийгмийн асуудлыг танин мэдэхэд тус болно гэж Кингдон үзсэн. Гэхдээ хэвлэл мэдээлэл нэгнийгээ даган хошуурдаг, зарим тохиолдолд сенсациар хөөцөлддөг, хөөрөгддөг, аль нэг улс төрийн намын захиалгаар ажилладаг тохиолдолд хэвлэлээр шуугих асуудал бүхнийг олон нийтийн “асуудал” хэмээн авч үзэхэд хүндрэлтэй юм.

Нөгөө талаар асуудал бүхэн төрийн оролцоотой шийдэгддэггүй. Үүсэж байгаа асуудлын ихэнхи нь цаг зуурын гарч ирээд замхардаг, цаг хугацааны явцад мартагддаг аж. Харин зарим асуудал цикл байдлаар илэрдэг. Ийм асуудлууд хүчтэй тавигдаж эхлэснээ төдөлгүй нам жим болдог. Төдий удалгүй эргэн гарч ирдэг. Асуудал ингэж эргэн тавигдаж байгаа нь ул суурьтай судалгаа хийж, шийдвэрлэхийг шаардаж байгаа хэрэг юм.

Мөн зарим асуудлууд нийгэмд дөнгөж үзэгдэж эхэлж байгаа ч тархалт ихтэй, олон хүнийг хамарсан аюул, хор хөнөөлтэй бол бодлогын шийдвэрийг яаралтай шаарддаг. Тухайлбал, хар тамхинд донтох, ДОХ өвчин, эмэгтэйчүүдийг хил дамжуулан худалдаалах зэрэг үндэсний аюулгүй байдал, хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлууд богино хугацаанд хүчтэй тавигдаж эрх мэдэлтнүүдийн анхааралд хүрч чаддаг. Ийм асуудлаар ажилладаг төрийн бус байгууллагууд, сонирхлын бүлгүүдийн нөлөө хүчтэй байдаг учраас асуудал нийгмийн анхаарлыг байнга татаж байдаг.

Нийгэмд гарч ирэх асуудал үй түмэн ба эрх баригчид бүх асуудлыг нэгэн дор шийдвэрлэж чадахгүй тул тэндээс тулгамдсан асуудлаа зөв танин мэдэж сонголтоо хийх нь чухал байдаг.

Төрийн бодлогоор шийдвэрлэх асуудал гэдгийг байнга үүсэн бий болж байдаг хүний хэрэгцээ болон төрийн зүгээс уг хэрэгцээг хангах боломж хоёрын хоорондын зөрчил хэмээн тодорхойлж болно. Эх үүсвэр Төрийн бодлого Я Бямбасүрэн, П. Доржсүрэн УБ 2006 хууд 11

2. Бодлого төрөх үе

Тулгамдсан чухал асуудлыг шийдвэрлэх санаа оноо төрөх үе юм. Энэ үед асуудлын мөн чанарыг танин мэдэж, олон нийт, улс төрчдөд ойлгуулж тэдний дэмжлэгийг давах төдийгүй шийдвэрлэх арга зам, санааг дэвшүүлэх үе байдаг.

Бодлого төрөх үедээ олон талын шүүмжлэлд өртдөг. Тухайлбал: Замын хөдөлгөөний бөглөрөлийг багасгахын тулд нийтийн тээврийн хэрэгслийг хөгжүүлэх санааг өртөг хэт өндөр, мөн агаарын бохирдлыг тооцсонгүй хэмээн няцааж болно. Энэ эргээд дэвшүүлж байгаа бодлогын асуудлыг тал бүрээс нь тайлбарлах нийгмийн бусад асуудалтай холбон судлах явдлыг шаарддаг. Түүхээс үзэхэд сайн бодлого нийгмийн хөгжилд шинэчлэл авчирж байдаг. Тухайлбал: Боолчуудыг чөлөөлөх хууль гаргахад цагаан арьстан эздийн асар их эсэргүүцэлтэй тулгарч байсан. Үүнтэй адил эмэгтэйчүүдэд сонгох эрх олгосон нь эрчүүдийн ойлгож чадахгүй байсан асуудлын нэг болж байлаа. Эндээс бодлогын шинэчлэлийг олон нийт тэр бүр хүлээн авдаггүй гэдгийг харуулж байна. Бодлогын шинэчлэл нийгмийн сэтгэхүйд шинэчлэл авчрах тохиолдол олон бий. Нийгэмд тогтсон хэвшмэл үзэл хандлагыг өөрчилсөн бодлогыг шинэчлэл гэж үздэг.

Иймээс бодлогыг хөгжүүлэх үйл явц цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан төдийгүй тэсвэр тэвчээрийн шалгуур байдаг аж. Бодлого төрөх, хөгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Сонирхлын бүлэг, ТББ-ууд, засгийн газрын мэргэжилтнүүд, судлаачид, хуульчид зэрэг бодлогыг төрүүлж, хөгжүүлж байгаа оролцогчдыг далд тоглогчид хэмээн нэрлэх нь бий.

  1. Улс төр болох үе

Бодлого боловсруулагчдаар дамжин батлагдаж төрийн бодлого болох үеийг хэлнэ. Бодлого улс төр болсоноор нийгэмд хэрэгжиж асуудлыг шийдвэрлэх үүргээ гүйцэтгэж эхлэнэ. Заримдаа үр дүн даруй гардаггүй. Магадгүй сөрөг үзэгдлүүд ч ихсэж болох талтай. Тухайлбал: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог хуульчилсанаар олон оронд эхнэрээ зодсон хэргээр баривчлагдсан эрчүүдийн тоо ихэссэн. Зарим улс төрчид үүнийг хуулийн алдаа, сөрөг үр дагавар гэж тайлбарлаж байсан. Гэтэл хууль гарахаас өмнө эхнэр хүүхдээ зодохыг гэмт хэрэг гэж үздэггүй байсан нийгмийн сэтгэхүйд өөрчлөлт гарч уг асуудлыг хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал хэмээн үзэж эхэлсэнээр цагдаагийн дуудлагын тоо эрс нэмэгдсэн байна. Нэг асуудлыг шийдвэрлэх нь өөр олон асуудлыг нийгэмд төрүүлдэг. Энэ жишээн дээр эхнэрээ зодсон эрчүүдийг шоронд хорих нь шоронгийн багтаамжийг нэмэх шаардлагатай болсон. Нөгөө талаар тэдний шоронд хорьж шийтгэх нь үр дүн муутай учраас тэдний зан үйлийг өөрчлөх нөлөөллийн ажлыг шаардсан. Эндээс бусад сургалт гэгээрлийн хөтөлбөрүүдийг хөгжүүлэх болсон. Дээрхи жишээн дээрээс харахад асуудлыг зөв танин мэдэж тохирсон бодлого боловсруулах нь чухал болохыг харуулж байна. Хэрвээ бодлого боловсруулагч нар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нарыг шоронд хорих замаар шийтгэх хууль баталсан бол үр дагаврыг нийгэмд арилгахад төдий л нөлөөлөхгүй. Учир нь хүчирхийлэл бол хүний зан үйл, үзэл бодолтой холбоотой асуудал учраас шоронгоос гарч ирээд эргээд л хүчирхийлэл үйлдэх аюултай. Үүний эсрэгээр Солонгос улсын жишээн дээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг батлуулахад эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага асар их эсэргүүцэлтэй тулгарснаас хууль тогтоогч нартай харилцан буулт хийж гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдөд хүлээх хариуцлагыг зөөллөн зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах голлосон аж. Гэтэл энэ хууль амьдрал дээр хэрэгжихдээ хэрэг хийсэн эрчүүдийг хэдэн өдөр сургалтанд суулгасан болгоод л явуулаад байсан нь бас л үр дүнгээ өгөхгүй байгаа талаар Солонгосын эмэгтэйчүүд ярьж байсан юм.

Эндээс бид дараахи дүгнэлийг хийж болно.

  • Асуудлыг тал бүрээс нь судлан танин мэдэх нь чухал
  • Асуудлыг шийдвэрлэх арга замыг хамгийн олон хувилбараар боловсруулах.
  • Олон нийт, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах_ хууль хэрэгжих зах зээлээ судлах. Амьдрал дээрээс харахад хамгийн муу болсон хууль хэдхэн хүний оролцоотой хийгдсэн байдаг. Нэгэнт муу хууль гарсан хойно түүний үр дагаврыг хэдэн жилээр хүртэж, нийгэм, эдийнзасгийн хохирлыг тооцовч баршгүй байдаг.
  • Бодлого бүхнийг олон нийт бүхлээрээ дэмжих албагүй. Харин үнэт зүйлийн шинэчлэлийг тэргүүнд тавьж....

Ентерпрейнерүүд

Бодлого боловсруулагдах ба батлагдах үйл явцад бодлогын шинэчлэгч нар чухал үүрэгтэй. Тэд асуудлыг нийгэмд гарган тавьж арга замыг боловсруулж дэмжихийг улс төрчид, олон нийтэд уриалж байдаг. Эдгээр хүмүүс иргэний нийгмийн байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн байгууллага, улс төрчдийн хэнээс ч төрөн гарч болно.

Бодлогын цонх

Бодлогын цонх гэдэг бол нөлөөллийн бүлэг асуудлаа таниулж дэмжлэх авах болон шийдвэрлүүлэх боломжийг хэлнэ.

Эрх мэдэлтнийг тойрон сонирхлын янз бүрийн бүлгүүд олон асуудлыг босгон шийдвэрлүүлэхийг зорьдог. Тэдний зарим нь өөрсдийн явцуу эрх ашгийг илэрхийлсэн хууль батлуулахыг ч сонирхож байдаг. Тэдний лобби нөлөөллөөс үл хамаарч улс төрийн сонголт хийгддэг. Улс төрийн сонголт хийхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал: парламентийн гишүүдийн бүтэц, бүрэлдэхүүн, итгэл үнэмшил, олон нийтийн уур хилэн, байгалийн гамшиг, олныг хамарсан осол зэрэг нийгэм улс, төр, эдийн засаг, улс төрчийн хувийн үзэл хандлага хүртэл хамааралтай. Бодлогын цонх бол боломжийн цонх. Боломж тэр бүр гарч ирдэггүй. Зарим үед таатай боломж бүрддэг боловч ашиглаж чадахгүй бол хаагддаг. Хэрэв алдвал боломжийн цонх дахин нэг хэсэгтээ нээгдэхгүй ч байж болно.

Сонрхлын бүлгүүд асуудлаа зөв танин мэдэж, боловсруулах арга замаа хамгийн сайн тодорхойлж, төрөл бүрийн судалгаагаар нотлон харуулаад байхад боломжийн цонх нээгдээгүй бол дэмжлэг авдаггүй. Тийм цаг үе таарвал нөлөөлөгч нар маш их хүч хөдөлмөр, цаг зарцуулаад ч үр ашиггүй өнгөрдөг. Ялагдал урам хугаралтийг авчирч тэднийг нэг хэсэгтээ уналтад оруулах ч тал бий. Тэгэхлээр боломжийн цонх бол нөлөөлөгч нараас үл хамааран тухайн цаг үе, нөхцөл байдалтай холбогдон өөрчлөгдөх орчин юм. Төрөл бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ цонх нээгдэж, хаагдаж байдаг. Зарим үед хэд хэдээрээ нээгддэг.

Ялангуяа шинээр сонгогдсон парламент ба засгийн газар чих зөөлөнтэй байдаг. Тэд олон нийтийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх хүсэл сонирхол хамгийн ихтэй үе нь тэдний ажлын эхний сарууд буюу бал сар нь байдаг. Мөн сонгууль дөхөөд ирэхээр олон нийтийн шаардлагыг илүүтэй авч үзэж болох юм. Гэхдээ энэ цаг үед нийгэмд гарах гэнэтийн гамшиг, олныг хамарсан үйл явдалтай давхацвал таны боломжийн цонх хаагдаж өөр нэгнийх нээгдэх болно. Бодлогын цонх бол бодлого төрөн гарах, хэрэгжихэд орчны олон талт үзэгдэд эерэг ба сөргөөр нөлөөлж байдаг гэдгийг харуулсан ухагдахуун юм.

Степен Келман

Бодлого төрөх, хөгжих үе шатыг олон нийтийн оролцоон дунд авч үзсэн ба дараахи үе шатуудыг тодорхойлсон.

1. Бодлогын санаа төрөх үе

Бодлогын санаа бол бодлого боловсруулах үйл явцын түүхий эд гэж үздэг. Төрийн ямар нэг үйл ажиллагааг сайжруулах өөрчлөлтийн талаархи төсөл гэж хэлж ч болно. Бодлогын санаа олон нийтээс гардаг ба төрийн анхааран хийх ёстой ажлын нэг хэсэг болгохыг тэд чармайдаг.

  1. Улс төрийн сонголт

Сонирхлын бүлгүүд ба иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл санаагаа хэрэгжүүлэхийн тулд бодлого боловсруулагч нарт шахалт үзүүлдэг. Зарим үед тэд санаагаа маш боловсруулж, шийдвэрлэх арга замаа тодорхойлсон байдаг. Тэдний шахалтаар хууль тогтоогчид хууль батлах, засгийн газрын хөтөлбөр, журам гарах зэргээр асуудлыг шийдвэрлэдэг. Үүнийг улс төрийн сонголт хийгдлээ гэж нэрлэдэг.

  1. Бүтээгдэхүүн

Улс төрийн сонголт хийснээр бодлого бүтээгдэхүүн төрж нийтийн захиргааны байгууллагуудаар дамжин хэрэгждэг. Бүтээгдэхүүн бол бодлого боловсруулах үйл явцын салшгүй нэг хэсэг мөн. Энэ утгаараа нийтийн захиргааны байгууллагууд бодлогын үйл явцын идэвхитэй оролцогч юм.

  1. Анхан шатны бюрократууд

Бодлогын эцсийн үр дүн ард иргэдэд хэрхэн хүрч асуудлыг шийдвэрлэж чадаж буй эсэхээр илэрнэ. Төрийн бодлогыг ард иргэдэд хүргэхэд анхан шатны төрийн үйлчилгээний ажилтнууд чухал үүрэгтэй байдаг. Бодлогыг амьдралд хэрэгжүүлэх нь олон хүндрэлийг авчирдаг. Тйимээс уян хатан байх, тууштай байх чанаруудыг төрийн анхан шатны ажилтадаас шаардаж байдаг.

Дүгнэлт: Төрийн бодлогын амьдралд хэрэгжих үр дүнг хэн ч урьдчилан хэлж чаддаггүй. Бид зөвхөн таамаглал дэвшүүлж чадна.

Бодлого бол зөвхөн хууль тогтоогч нарын ажил биш. Бодлогын үйл явцад ерөнхийлөгч, хууль тогтоогчид, шүүх, гүйцэтгэх засаглалын байгууллагууд, олон нийт гээд олон талбн оролцогчдын хамтын бүтээлээр төрж хэрэгждэг. Энэ утгаараа тэд цөм улс төрийг хийгчид юм. Улс төр хийх үйл явцад олон нийтийн үүрэг хамгийн чухал байдаг. Зарим судлаачдын үзэж байгаагаар ямар бодлого зөв вэ? гэдэг асуулт гол бус харин ямар бодлого иргэдэд илүү тохирч, хэрэгцээг хангаж байна вэ гэдэг нь илүүтэй чухал аж. Иймээс улс төрчдийн онолын хувьд зөв гэж үзсэн бодлого амьдралд төдий л үр дүнгээ өгдөггүй тал бий. Энэ ард түмний хэрэгцээ, шаардлагыг танин мэдэх, тэдний идэвхитэй оролцоог болдого боловсруулах үйл явцад хангахыг илүү чухалчлах болсон.

Зарим судлаачид тухайлбал В. Вильсон, Ф Гууднов нар хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааны зааг ялгааг нарийн гаргахыг хичээж байсан. Гэвч амьдрал дээр тэд бодлогын үйл явцад хамтран оролцох шаардлагатай байдаг. Үүний шалтгааныг хоёр зүйлээр тайлбарлаж болно.

  1. Ардчилсан улс оронд нийтийн захиргаа төрийн бодлогын боловсруулахад гол үүрэг гүйцэтгэдэг.
  2. Төрийн бодлогыг хэрэгжүүлж, олон нийтэд үйлчилж байдгийн хувьд бодлогын агуулгыг маш сайн мэдэж байх ёстой. Төрийн бодлого бүтээгдхүүн болох үе шатанд алдаа завхарал гардагаас утга агуулгаа алдаж үр дүнгүй болдог. Захиргааны байгууллагыг идэвхигүй дамжуулагчийн байр сууринд тавих нь бодлогын нэгдмэл байдлыг алдагдагдуулах аюултай. Эндээс бодлого ба түүнийг хэрэгжүүлэхийн хооронд ангал гардаг.

Бодлогод оролцогч талууд

Олон нийт

Бодлогыг зөвхөн төрийн эрх мэдэлтнүүд хийдэггүй. Олон нийтэд бодлогод оролцогчид мөн. Тэдэнд нөлөөлөх хүч байдаг. Тэдний хүч бол тэдний чадвар, нөөц юм.

Тухайлбал:

1. Олон нийт өөрсдийн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан асуудлаа хамгийн зөв тодорхойлж чаддаг. Нэгэн судлаачийн хэлсэнээр хүч бол хэн асуудалд зөв хариулт өгч байгаад биш харин хэн асуудлыг зөв тодорхойлон дэвшүүлж чадаж байгаад байдаг хэмээжээ. Тиймээс улс төрд асуудлыг танин мэдэж, зөв тодорхойлох нь хамгийн чухал.

2. Олон нийтээс сонгогдсон хууль тогтоогч нар тэднээс хамааралтай байдаг. Улс төрчдийн ихэнхи нь дахин сонгуулахыг хүсдэг тул сонгогчидоо анхааралтай сонсдог.

3. Олон нийт хамгийн тууштай тэмцэгчид юм. Тэд өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэж байгаа учраас авлигад автдаггүй.

4. Тэдний олонхи нь ТББ ба сонирхлын бүлэг, хөдөлгөөнөөр дамжуулан зохион байгуулалтад орсон байдаг ба нөлөөллийн стратеги сайтай байдаг. Судлагааны материал, амьдралын жишээг тэд хамгийн санй цуглуулж олон нийтийн дэмжлэгийг авч чаддаг.

Олон нийт хууль тогтоох үйл явцад оролцоход гарч байгаа хүндрэл

Судлах жишээн дээр ажиллана уу.

Хууль тогтоогчид

Тэдний эрх мэдэл хууль батлан гаргахаар хэрэгждэг. Парламентийн гишүүд хамтдаа байж эрх мэдэл нь хэрэгждэг. Энэ нэг талаар хамтын шийдвэр гаргах ардчилсан хэлбэр боловч нөгөө талаар төвлөрлийг үүсгэдэг. Иймээс дэлхийн олон оронд хувь гишүүний үүргийг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна. Тэд хууль санаачлагчдийн хувьд бодлогын шинэчлэлийн “инкубатор” байх ёстой.

Мөн парлментийн байнгын хороодын үүргийг нэмэгдүүлэх замаар төвлөрлийг бууруулж байна. Түүнчлэн гадны зөвлөх, олон нийтийн сонсох, сонирхлын бүлгүүдтэй ажиллах зэрэг гадагш чиглэсэн үйл ажиллагаа тэдний үйл ажиллагааг улам нээлттэй болгож байгаа юм.

Хууль тогтоогчдийн өмнө тулгарч байгаа бэрхшээл

1. Нийгмийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт ихсэж, тулгамдсан асуудлууд нэмэгдэж шийдвэрлэх арга замыг хүлээсээр байна. Гэтэл бодлого боловсруулагч нарын тоо хэвээр төдийгүй хууль дээр ажиллах, судлагаа явуулах цаг бага байна.

2. Монголын нөхцөлд УИХ-ын гишүүдийн дийлэнх нь сонгуулиар солигдон байдаг. Тэдний ихэнхи хувь нь хууль тогтоох туршлага муутай, шинээр сонгочид байдаг аж. Хүснэгт харна уу.

Нийтийн захиргааны байгууллагууд

Нийтийн захиргааны байгууллагууд бодлого боловсруулахад гол үүрэг гүйцэтгэдэг.

  1. Засгийн газар хууль санаачлах эрхийг эдэлдэг.
  2. Захиргааны ажилтнууд мэдээллийн эх үүсвэр болдог. Аливаа хуулийн төсөл дээр ажиллах ажлын багт гүйцэтгэх засаглалаас төлөөлөл оролцож байдаг. Тэдний техникийн мэдлэг чадвар тус болдог.
  3. Хууль хэрэгжүүлэх үйл явц нийтийн захиргааны байгууллагаар дамжин хэрэгждэг. Тэд хуулийн амьдрал хэрэгжүүлэгчид олон нийтэд хүргэгчид юм.

Хекло үүнийг төмөр гурвалжин гэж нэрлэсэн.

Төмөр гурвалжин сүлжээ болон өөрчлөгдөж байгаа тухай.

Бодлого төрөхдөө гурван асуудлыг хамт агуулдаг гэж Ваумгартнер үзсэн. Үүнд:

1. Нийгмийн шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал мөн эсэх

2. Уг асуудлыг хамгийн сайн шийдвэрлэх арга зам юу вэ Ямар бодлогоор

3. Хамгийн сайн хэрэгжүүлэх арга зам юу вэ Ямар бүтэц зохион байгуулалт, менежментээр

Диффузийн онол

Диффузи нь нэвчих, тархах гэсэн утгатай физикийн нэр томъёо ба улс төр нийгмийн шинжлэх ухаанд өргөн хэрэглэгддэг. Нийгмийн тогтолцоон доторхи дамжих, тархах үйл явцыг нийгмийн диффузи гэж нэрлэдэг. Тархах үйл явцад зан үйл, итгэл үнэмшил, технологийн дэвшил, соёл зан заншил, зорилго, нийгмийн бүтэц хүртэл ордог өргөн утгатйа ойлголт юм. Тухайлбал: ардчилсан төрийн бүтэц дэлхийн олон оронд түгэн тархсаныг бид бүгд мэднэ. Нэг орноос нөгөө оронд тархах явцад улам баяжигдан шинэчлэгдэж мөн өөрийн хэв загвараар өөрчлөгдөж байдаг аж. Диффузийн онолоор бодлогын шинэчлэл нэг улсаас нөгөө улс руу нэг мужаас нөгөө муж руу нэг байгууллагаас нөгөө байгууллага руу тархаж байдаг байна. Тиймээс энэ онолоор бол бодлого бүр Кингдон болон бусад эрдэмтэдийн үзэж байгаа шиг төрийн эрх мэдэлтнүүд, мэргэшсэн сонирхлын бүлэг, эсвэл олон нийтийн шахалтаар дороосоо төрж байдаг биш аж. Тэр тусмаа даяарчлалын өнөөгийн үед нэг улсаас улс руу тархах явдал нийтлэг. Үүнд НҮБ болон олон улсын байгууллагуудын үүрэг их аж.

Baumgartner, Frank R and Jones, Bryan D. Agendas and Instability in American Politics

Kingdon, John W. Agendas, Alternatives, and Public Policies, second edition. The University of Michigan

Rochefort, David A. and Cobb, Roger W. The Politics of Problem Definition: Shaping the Policy Agenda

Бямбасүрэн Я, Доржсүрэн П. Төрийн бодлого УБ 2006

Янг Е ба Квин Л. Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулах нь. УБ, МННХХ, 2003

Түлхүүр үгc

Agenda setting

Problems

Policy streams

Policy primeval soup

Political stream

Policy window

Policy Entrepreneurs

National mood

Diffusion of innovation- нийтийн институцийн онолд хамаарагддаг. Шинэчлэл нэг улс, муж, аймаг, байгууллагаас нөгөө рүү тархаж нэвтэрдэг тухай онол юм.

Iron triangle - Төмөр гурвалжин

1 comment:

Sosormaa said...

Доржбатаа чи яагаад миний лекцийг өөрийнхөө блогд тавиад байна вэ? Миний зөвшөөрлийг авах хэрэгтэй эсвэл миний лекцээс авсан гэсэн эх үүсвэрээ дурдах хэрэгтэй шүү

Сосормаа багш