Friday, November 30, 2007

Төв аймгийн Баянжаргалан сум

Сумын түүхээс:
Тус сум нь Сэцэн хан аймгийн Сэцэн чин ван хошууны нутагт үүсч байгуулагдсан түүхтэй. Сэцэн чин ван хошуу нь 1691 онд Халхын дорно замын баруун гарын дундад хошуу нэртэй 8 сум, 1200 эрийн албатай байгуулагдсан бөгөөд Богд хаант Монгол улсын үед 6 сум, 40 отогтой байжээ.
Шопой Сэцэн хааны 7 дугаар хөвгүүн Бадамдаш, Бадамдашийн хүү Дамба, Дамбын ахмад хөвгүүн Цэвдэн эрх тайж цолтой Энх-Амгалангийн 28 дугаар он буюу 1689 онд анх хошууны засаг ноёноор өргөмжлөгдсөн байна. Цэвдэн ноёноос хойш тус хошууг 9 ноён үе залгамжлан захирч ирсний хамгийн сүүлчийн хошуу ноён нь Жүн Ван Гомбосүрэн юм.
Жүн Ван Гомбосүрэн ноён Бадаргуулт төрийн 34 дүгээр он буюу 1908 оноос 1923 он хүртэл тус хошууг захирч байжээ. Энэ үед хошуу нь 13 сум, 60 отготойгоор зохион байгуулагдаж 2400 гаруй өрх, 16000 хүн ам, 74000 толгой малтай байсан байна.
1921 онд ялсан Ардын хувьсгалын эхний жилүүдэд Ардын засгийн газраас орон нутгийн засаг захиргааг шинэчлэн зохион байгуулах талаар олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь Засгийн газраас 1923 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гаргасан 38 дугаар тогтоол юм. Энэ тогтоолоор урьд нь язгууртан феодал ноёдын нэрээр нэрлэж байсан айтаг хошуудын нэрийг өөрчилж газар усны нэрээр нэрлэх болсон байна.
Энэ үеэс Сэцэн хан аймгийн Сэцэн чин Ван хошууг Хан хэнтий уулын аймгийн Оцол сансар уулын хошуу хэмээн нэрлэх болжээ. Энэ хошуу нь Айраг, Баянжаргалан, Баян-эрхт, Даланжаргалан, Дэлгэрхаан, Дэлгэрхэт, Их-Эрээн, Ихжаргалан, Нялга, Цагаан Айраг зэрэг 16 сумтай байв. Засгийн газраас урьд нь хошууны түшмэл байсан Сүндэвдонойг тус хошууны даргаар томилж, хошууг Чойроос зүүн урагш Элдэвийн голд төвлөрүүлэн байгуулсан байна. Энэ үед Нялга сумын харъяат хошууны бичээч байсан Чимэдийн Батбаярыг хошууны Цэргийн хэлтсийн даргаар томилон ажиллуулсан байдаг. Ч. Батбаяр нь 1921 онд Ардын журамт цэрэг Нийслэл хүрээнд орж ирсний дараа Цэргийн яаманд алба хашиж байжээ.
1923 оны 6 дугаар сард Алтат гэдэг газарт хошууны эх хурлыг зарлан хийлгэж, сумуудыг зохион байгуулахад Нялга сумыг 16 арван, 154 өрх, 633 хүн ам, 32000 толгой малтайгаар байгуулж, сумын анхны даргаар Цэвэгсүрэн гэдэг хүнийг сонгосон байна.
БНМАУ-ын Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар тогтоолоор засаг захиргааны шинэчлэн өөрчлөлт хийж, 5 аймгийг 13 аймаг болгон зохион байгуулж, отог, хошуудыг татан буулгаж оронд нь сум, багуудыг томсгон байгуулсан байна. Энэ зохион байгуулалтаар Оцол сансар уулын хошуу татан буугдаж, сумууд нь одоогийн Дундговь, Дорноговь, Хэнтий, Төв аймгуудад харъялагдах болсноор Нялга сум Төв аймагт шилжэн ирсэн юм. Тус сум 1927 оноос Нүдэн, 1933 оноос Модон зэрэг газруудад төвлөрч байгаад 1960 оны 4 дүгээр сараас одоогийн байгаа Баясгалант уулын энгэрт төвлөрчээ. Тус сумыг засаг захиргааны өөрчлөлтөөр 1956 онд татан буулгаж 1, 4, 5, 6, 8 дугаар багуудыг нь Баян суманд, 2 дугаар багийг нь Дорноговь аймагт, 3 дугаар багийг нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд тус тус шилжүүлжээ.
1956 онд нэгдэлжих хөдөлгөөн ялах үеэр тус суманд байгуулагдсан Шинэ-Амьдрал, Баян суманд байсан Оргил нэгдлүүдийг нийлүүлж, засаг

No comments: